Уран гэхээр л Дорноговь аймгийн Улаанбадрах сум, мутацад орсон мал санаанд нь буудаг хүмүүс олон болсон байж мэднэ.
“Автомашинтай жагсаал хөдөлгөөн”-ий тэргүүн, физикч Б.Цэгмэд өнгөрсөн оны намар мутацад орсон малын жишээ болгон зургаан хөлтэй хоёр ямаа харуулж төвчигнөсөн. Тэрбээр “Бадрах энержи” компани газрын гүнд хүхрийн хүчил хийж, уран олборлосноор мал мутацад орж байна гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байлаа.
“Коже говь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж, Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордын нөөцийг тогтоосон. Тус компани тэнд 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Улмаар хамтарсан “Бадрах энержи” компани байгуулан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, уран олборлох бэлтгэлээ хангаж буй. Гэвч одоогоор туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлээгүй байна. Үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрлийг нь Засгийн газар өгөх учиртай. Товчхондоо, олборлолтоо эхлүүлээгүй байна гээд ойлгочих.
Нэг ямаа мутацад орсон юм байж. Тэгвэл сүрэг нь яагаад мутацад ордоггүй юм бэ. Адилхан агаараар амьсгалж, өвс ургамал идэж, ус ууж байгаа биз дээ. Мал мутацад орж байгаа бол амьтан яагаад зүгээр байна вэ. Цаашлаад хүн яагаад мутацад ордоггүй юм бэ гэсэн асуулт ургана. Үнэхээр цацраг идэвхт бодис тархсан, хүхрийн хүчил худаг усанд нь нэвчсэн бол амьтай бүхэн хордож таарна. Гэтэл хоёр ямаанаас бусад нь зүгээр байгааг юу гэж ойлгох вэ.
Монгол Улс 70 сая малтай. Манай орны хаана ч найман хөлтэй, хоёр толгойтой мал гарах тохиолдол бишгүй. Ургийн гажигтай төл гарах ийм тохиолдол байдгийг малчин бүр мэднэ. Улаанбадрах суманд мал хорогдох, элдэв согогтой төл гарах бүрд л уранаас хордсон гэж дэвэргэдэг гэм бий. Хөрс, ус бохирдвол нэгийг онцлоод, нөгөөдүүлийг нь хордуулалгүй үлдээхгүй гэдгийг энгийн ухамсрын түвшинд хэн ч ойлгох биз. Шулуухан хэлэхэд, өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэдэг, ард нь ашиг хонжоо хайж явдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, тэдний явуулгад автдаг малчид бусдын санааг гүйцэлдүүлэх гэж гүйдгээ болих хэрэгтэй.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2011 оны наймдугаар сард Дулаан-Уул ордын нөөцийг 6,260, 2013 оны гуравдугаар сард Зөөвч-Овоогийн нөөцийг 54,640 тонн хүдэр байна гэж баталсан. Энэ үеэс л Улаанбадрах сумын нутагт уран мал хорогдуулж байна гэсэн хэл ам гарах болсон нь сонирхолтой давхцал юм. Бараг ийм хэл ам зохиомлоор гаргах болсон гэж хэлбэл зохино. Тодруулбал, Улаанбадрах сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн 20 тугал, саахалт айлынх нь хоёр тугал 2012 оны арванхоёрдугаар сард үхсэнээр “Улаанбадрахын ураны хордлого” гэх явуулга үе үе сэдрэх болсон. Тухайн үед малчин Д.Норсүрэнгийн тугалууд тэжээлээс хордсон болохыг тогтоосон билээ. Түүнээс хойш уранд хордсон малаас хоёр толгойтой тугал, найман хөлтэй ишиг төрсөн гэх “домог” хэдэн ч удаа сонссон юм, бүү мэд. Тэр нутгийн газрын гүнд ураны агууламж өмнө ч байсан. Тэгээд нөөцийг нь тогтоонгуут мал хордоод эхэлсэн нь ямар учиртай вэ.
“Гарьд магнай” кинонд хүрээний лам банди нар Далайцэрэн, Удвал хоёрыг чулуугаар нүүлгэдэг. Хэдэн морьтон ирж банди нарыг хөөж явуулаад Далайцэрэнгээс “Дэгжих сүрт гарьд магнай заан дэггүй банди нарын дургүйг яагаад хүргэв” гэж асуудаг. “Харин л дээ” гэж хариулахад нь “Энэ ч дээрээс шидсэн чулуу байх аа” гэлцэн инээлдээд, ергөж оддог. “Улаанбадрахын ураны хордлого” хэмээх муухан тавилттай жүжиг нэлээн дээрээс шидсэн чулуу байх даа. Тусдаа том сэдэв болох энэ асуудлыг түр орхиод түүхийн хуудас сөхөж үзье.
Монгол Улс Дорноговиос л анх удаа уран олборлох гээд дуншаад байгаа хэрэг биш. Гучин жилийн өмнө уран олборлож байсан түүх бий. “БНМАУ-ын нутгийн дорнод хэсэгт ураны эрэл хайгуулын ажлыг хамтран явуулах тухай” БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1970 оны зургадугаар сарын 9-нд байгуулсан байдаг. Хэлэлцээрийн дагуу 1973 онд Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын нутагт Дорнод, 1974 онд Гурванбулаг, 1979 онд Мардайн ураны ордыг илрүүлсэн. Улмаар эдгээр бүлэг ордыг ашиглахаар 1981 онд уулын “Эрдэс” үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Энэ нь монголчуудын Мардай хэмээдэг уурхайчдын суурин юм.
“Эрдэс” үйлдвэр нь Мардайн ордоос 1988-1995 онд ураны 490.6 мянган тонн хүдэр олборлож, ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулж байжээ.