Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-05-05
“Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас “Явган замын салбар дахь асуудал, шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Зам, тээвэр хөгжлийн төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хотын стандарт, хяналтын газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”, Техник технологийн дээд сургуулийн Барилга замын материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, мэргэжлийн холбоод, иргэн, компанийн захирал, авто замын инженер, барилгын инженер, зураг төслийн мэргэжилтэн зэрэг 50 гаруй төлөөлөл оролцож, авто замын салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод, аюулгүй хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлээр өнөөгийн нөхцөл байдал болон цаашид шийдвэрлэх арга замын талаар ярилцав.

Энэ үеэр “Явган замын хавтан, авто замын хашлагатай холбоотой стандартыг даган мөрдөгдөхөд гарч буй хүндрэл бэрхшээл”, “Явган замын хавтан, авто замын хашлага стандартын дагуу баригдахгүй байгаа шалтгаан, нөхцөл”, “Явган замын хавтан, авто замын хашлагатай холбоотой асуудлууд (өргөдөл гомдол, шийдвэрлэсэн хэрэг, зөрчлүүд)” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан, явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, стандарт загвараар барьдаггүй, явган хүний зам барьж буй хавтан чанарын шаардлага хангадаггүй, нэг жил хүрэхгүй насжилттай зэрэг зөрчлүүд гарч байна. Явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийх нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал стандарт хангасан хавтанг ашигладаг эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, жил бүр явган хүний замын хавтанг засахад тодорхой төсөв баталдаг, ажил гүйцэтгүүлэх тендер зарлаж, хяналт тавьсан нэрийдлээр чанаргүй ажлыг хүлээж авдаг, ажил гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа нь тендерт тусгагдсаны дагуу 45 хоног хэдий ч явган замын хавтан тавьж буй “зарим аж ахуйн нэгжүүд ердөө арав гаруйхан хоногт хийж, хуучин хавтанг хуулалгүй, дээр нь 3-4 хуруу хэрийн элс дэвсээд, шинэ мэт болгон хүлээлгэн өгдөг” нь учир дутагдалтай байна. Авто замын хашлага, явган зам, талбайн хавтангийн төлөвлөлт болон барилгын ажилд тавих техникийн шаардлага, стандартыг хангахгүй байна. Авто замын хашлага, явган замын хавтанг шинэчлэн солихдоо хуучин авто замын хашлага, явган замын хавтанг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүй, хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхойгүй байгаа нь авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа. Түүнчлэн захиалагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, авто замын инженер, барилгын инженер, зураг төсөл /эскиз/, зохиогч, захиалагчын хяналтын байгууллага, зөвлөх, гүйцэтгэгч, бүтээц хийц үйлдвэрлэгч нар хамтран ажиллаж, зохих хууль ёсны хяналт тавих ёстой байтал стандартыг дагаж мөрдөхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдэхээр байна.

Авто зам, явган хүний замыг өргөсгөх, нэмэгдүүлэх засварлах ажлыг Нийслэлийн Засаг даргын батлагдсан төсвийн урсгал зардал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 онд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр 14 байршилд 14,000м2 явган замын тохижилтын ажил, гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр төлөвлөгджээ.

Явган зам, талбайн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохих хууль тогтоомжийн дагуу явуулдаг эсэх нь эргэлзээтэй байгаа тул Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид гарахгүй байх таслан зогсоох бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Авто замын хашлага, явган замын хавтан, зам талбайн төлөвлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан хэлэлцүүлгээр яригдсан санал, дүгнэлтүүдэд үндэслэн Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, Авлигатай тэмцэх газар хэрэгжилтийг нь хянан ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ