Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын талаар Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Жирэмсэн болон хөхүүл ээжүүд, эмэгтэйчүүдийг дархлаажуулах асуудал дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна. Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалтад хамруулж байна. Тухайлбал өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй буюу коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэй нь коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд буюу эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд, биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд, ахимаг настай буюу 35-аас дээш насны хожуу жирэмсэлсэн эхчүүд, жирэмсэн үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд багтах юм. Саналаараа дархлаажуулалт хийлгэх жирэмсний хугацаа нь жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ. Эхний тун нь 14 долоо хоногоос хойш, хоёрдахь тун 36 долоо хоногоос өмнө хийсэн байна. Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэнд хүнд хийхийг хориглож байна” гэдгийг тэрээр онцлов.
АНУ, БНХАУ-д жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавирусын дархлаажуулалтыг хийж байна. Харин Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийх эсэх асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
Манай улсад жилд 72-83 мянган эмэгтэйчүүд амарждаг аж. Одоогийн байдлаар 40 мянган гаруй эмэгтэйчүүд жирэмсний хяналтад орсон судалгаа байна.