Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэсгийн ахлагч нар нь гурвалсан гэрээний хүрээнд сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал авдаг байна.
Тэгвэл энэхүү урамшууллын хэмжээг 20 хувиар буюу 200 мянган төгрөгөөр нэмэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.
Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Товчхондоо төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж буй ажилтнууд хэдий ч өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчийн тоонд ордоггүй, төрийн байгууллагуудын бүхий л судалгаа, мэдээллийг иргэдэд хүргэж ажилладаг, айл өрхүүдийн нийгмийн асуудлуудын судалгааг газар дээр нь явж гаргадаг, хог хүртэл ачилцдаг хэр нь урамшууллын хэмжээ бага, нийгмийн халамжийн ямар ч дэмжлэггүй зэрэг олон асуудал байгааг төлөөлөгчид онцоллоо.


