Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, тогтоомжоор олгосон сум багийн Засаг даргын чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг 2025 онд төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу өнөөдөр Орон нутгийн удирдах албан тушаалтныг чадавхжуулах “Цэргийн бэлтгэл” сургалтыг 27 сумын Засаг дарга, 97 багийн Засаг дарга нарыг хамруулан зохион байгуулж байна.
Сургалтын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөр болон 311 дүгээр ангийн захирагч, Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн дарга, хурандаа Ш.Гантулга нар оролцлоо.
Энэ удаагийн сургалт үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэг буюу сумдын удирдах бүрэлдэхүүний Цэргийн бэлтгэл сургалтыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа бол хоёр дахь хэсэг болох “Сум, багийн Засаг даргын чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс зохион байгуулах юм.