Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-05-10
АТГ: Эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 113 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 811 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “М” нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө хууль бус давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх;
  • “А” нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;
  • “Г” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан “Н” нь хахууль авсан гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “М” нь эрүү шүүлт тулгасан гэх;
  • Төв аймаг дахь Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ...-р нээлттэй хорих ангийн албан тушаалтан “Д” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн “П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтан “Б”, Ханбогд сумын удирдах албан тушаалтан “Н” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан “Б”, албан тушаалтан “О” нар бүлэглэн нийт 69,997,750 төгрөг завшсан гэх;
  • Төрийн банкны тооцооны төвийн удирдах албан тушаалтан “А” нь албан тушаалтан “А”, “М” нартай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламжийн мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гарган завшсан, мөн нэр бүхий иргэдийг хуурч онц их хэмжээний мөнгө залилан авсан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирал “Д” нь бусдад хахууль өгсөн гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ