Латин Америкийн орнуудад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын анхдугаар уулзалт 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Панама сити хотноо зохион байгуулагдав.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ, Бүгд Найрамдах Перу Улсад суугаа Өргөмжит консул Марко Арика, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суугаа Өргөмжит консул Игнасио Бартесаги болон Доминикан, Панам Улсад суух Монгол Улсын Өргөмжит консулд нэр дэвшигчид оролцов.
Уулзалтаар Өргөмжит консулууд Монгол, Латин Америкийн бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг худалдаа, бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх, консулын тойрогт хамаарах монгол иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Перу, Уругвайд суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын тамгыг гардуулжээ.