Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-05-15
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 19 дэх дугаар хэвлэгдэн гарлаа.  Тус дугаарт Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм. Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуульд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4, 23.6 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “,5.3.19” гэснийг тус тус хасаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.19 дэх заалтыг, 21 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай  Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: -Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх; -Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;-хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан тариаланчдад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг агро-технологийн хугацаанд нь цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах; -“Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засаглалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах; -“Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Харин Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор  Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны, Дамдинсүрэнгийн Өнөрболорыг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Дамдинсүрэнгийн Өнөрболорыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Жаргалтулгын Эрдэнэбатыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг томилж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Хайдавын Чилаажавыг чөлөөлжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай  Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Үүнд: Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар.

Мөн эмхэтгэлийн тус дугаарт Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд тус зарлигуудаар Одын Цэнд-Аюушийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт  Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн ба тухайн тогтоолын хавсралтаар “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан байна. Энэ журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ