Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хавдрын хими эмчилгээг аймгийн БОЭТ-д хийж эхлүүлэхээр зорин ажиллаж байна.
БОЭТ-д хими эмчилгээ хийх зориулалт бүхий хавдрын тасгийг байгуулах ажил энэ долоо хоногт эхэлж байна.
Мөн хавдрын эмч болон хоёр сувилагчийг хими эмчилгээгээр мэргэшүүлэхээр ХСҮТ-д сургаж хүний нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн төсвөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн бэлтгэл ажил хангагдаад байгаа юм.
“Хавдрын эсрэг аян-2023”-ын хүрээнд хорт хавдрын тусламж үйлчилгээг аймагт цогцоор үзүүлэх чадавх бүрдүүлэх зорилгоор говийн бүсийн аймгуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ-үүдтэй хамтран тавдугаар сарын 19-нд бүсийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, цаашид хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлон орон нутгийн хүн амын хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулахаар ажиллаж байна.
Говийн бүсийн уулзалт зөвлөгөөнд Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн төлөөлөл оролцож байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ