10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр улаанбурхан, улаануудын вакцинд хамруулахыг ХӨСҮТ-өөс анхааруулсан.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу УГУ /улаанбурхан, гахай хавдар, улаанууд/ вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас найман насны бүх хүүхэд хамрагдана. Сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакцин тариулсан бол түр хойшлуулна.
2023 оны эхний дөрвөн сард улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн 131 орон, түүний дотор хөрш ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч буй нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэлийг үүсгэж байна. 2023 оны гуравдугаар сараас хил залгаа ОХУ-ын буриадын Хиагт хотод улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгджээ.
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг. Уг өвчнөөр өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай байдаг.