Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Гадаадад байгаа иргэдийн санал өгөх өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тавдугаар сарын 30, 31 гэж тогтсон. Энэ дагуу хилийн чанадад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Салбар комиссын бүрэлдэхүүнд нийт 187 төрийн албан хаагч ажилласан.
Гадаадад байгаа санал өгөх 7,398 иргэнийг бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэрсийг хүргүүлсэн. Үүнээс дөрвөн иргэний бүртгэл зөрчилтэй тул баталгаажаагүй. Ингээд хилийн чанадад 7,394 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн 7,394 иргэнээс 5,618 сонгогч санал өгсөн байна. Энэ нь нийт бүртгүүлсэн иргэдийн 76 хувь болж байгаа юм. 2017 онд гадаадад байгаа нийт иргэдийн 66.3 хувь нь саналаа өгч байсан бол энэ удаагийн сонгуульд илүү идэвхтэй оролцсон.
Хамгийн их сонгогч саналаа өгсөн салбар комиссыг сонирхуулъя. Сөүл дэх салбар комисст 753, Токиод 719, Камберрад 532 иргэн саналаа өгсөн байна. Хуулийн хугацаандаа буюу зургадугаар сарын 9-ний орой 22:00 цагт гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг тоолох ажиллагаа Сонгуулийн ерөнхий хороонд болно. Хугацаандаа багтаж бүх саналыг хуудсыг татаж авна.
Хуулиараа гадаадад байгаа иргэн санал өгөхийн тулд заавал урьдчилж бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээд очиход нь санал өгөх боломжгүй байсан тохиолдол гараагүй. Урьдчилсан бүртгэлийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх тал дээр дэвшил гаргах ёстой. Цахимаар санал авдаг тогтолцоо руу шилжүүлэх тухайд СЕХ ажиллах хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам