УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төслийг эцсийн хэлэцлүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Тэдгээр саналын томьёолол тус бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод, энэ талаар тодруулсан. УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариулт, тайлбар өгсөн.
УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх саналыг хэлж байв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60.000 ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм.
Ийнхүү гишүүд УИХ-ын дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэссэн юм. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин, баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг анхаарах, түүнчлэн хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллахад онцгой анхаарахыг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.