Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-06-02
УИХ: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, энэхүү өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэж цохон дурдаад, тус өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэлээ. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнэн хэлээд, ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм гэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ