Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-06-06
Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурал болов

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Азийн нийгэмлэгийг Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалах хугацаанд буюу 2021-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Энэхүү танилцуулга болон Нийгэмлэгийн Төлөвлөлт, зохицуулалтын, Судалгаа, хөгжлийн болон Сургалт, хүний нөөцийн хөгжил хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын Газрын тайланг Азийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын Ерөнхийлөгч, дарга, Ерөнхий шүүгч нар сонсож хэлэлцүүлэг хийлээ.

Дараа нь  “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдвээр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Олон улсын симпозиум  болов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Чинбат симпозиумыг нээж хэлсэн үгэндээ, “Анх санаачилга гарган шавийг тавилцсан энэхүү нийгэмлэгээ удирдан олон улсыг хамарсан тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй эдгээр он жилүүд бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн түүхэн цаг хугацаа, нэр төрийн хэрэг юм. Энэ цаг хугацаанд бид дэлхий нийтийг болон бүс нутгийн шинжтэй олон сорилт бэрхшээлтэй нүүр тулсны зэрэгцээ хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоо бэхжүүлж чадсан.” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр цааш нь “Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн улс орны Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын хүний үндсэн эрхийг хамгаалах бүрэн эрх өргөжин, уг асуудлыг харьяалан шийдвэрлэх маргаандаа хамааруулах, эсхүл илүү өргөжүүлэх хандлага нийтлэг болж байна. Энэ хүрээнд хувь хүнээс /иргэнээс/ Үндсэн хуулийн шүүх, хяналтын байгууллагад хандах боломж илүү нээлттэй болж хөгжиж ирлээ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Үндсэн хуулийн шүүхүүд болон тэдгээртэй адил чиг  үүргийг хэрэгжүүлэгч институциудын гүйцэтгэх үүрэг өнөөгийн нийгэмд улам өндөр” болж байгааг цохон дурдаад, “Азийн нийгэмлэг нь  цаашдаа энэ бүс нутгийн Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, улмаар хөгжин дэвших гол гүүр, хөшүүрэг болох нь дамжиггүй”  юм гэлээ.

Симпозиумын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Чинбат “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт ба шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэхдээ тухайлбал, шүүхэд хандах эрхийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт ба Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр, Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхийн талаарх асуудалд симпозиумд оролцогсдын анхаарлыг хандуулав.

Симпозиумын салбар хуралдаанаар Индонези, Казахстан, Киргиз, Мьянмар, ОХУ, БНСУ, Турк, Тайланд, Пакистан зэрэг орны Үндсэн хуулийн шүүхийн   төлөөлөгчид   Үндсэн хуулийн хяналтын хүрээнд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, хөхиүлэн дэмжихэд Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаа, баримталж буй эрх зүйн зохицуулалт, түүнийг улам боловсронгуй болгох зэрэг тулгамдсан асуудлаар 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ