Улсын хоёрдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан ажиллуулж эхэллээ.
“Нэг цэгийн үйлчилгээ”-нээс эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А, Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авахаас гадна эмнэлэгт хэвтэх гэж буй бол өвчний түүхээ нээлгэх зэрэг үйлчилгээг төвөг чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж буй юм.
Шинэ үйлчилгээний талаар УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.
Гадны томоохон эмнэлгүүдийн жишгээр эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид хэвтэн эмчлүүлэх хүмүүст орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээг нэгтгэх юм.
Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд хамтран ажилладаг “Канбуг Самсунг” эмнэлэгт үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалснаа ийнхүү өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж байна” гэв.
Энэ ажлыг хариуцан хийсэн Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Сумьяа “Өнөөдөр шинээр нээгдэж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ” нь манай албаны үйлчлүүлэгчдийг дэмжих хэсэг юм. Бусад эмнэлгийн хувьд өвчний түүх нээх, төлбөр төлөх, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн асуудалтай холбоотой үйлчилгээ авах хэсгүүд тус тусдаа байдаг бол манайх дээрх бүх үйлчилгээг нэг дор буюу нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлснээр онцлогтой” гэсэн юм.
УХТЭ-ийн Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээ мэдээллийн гэсэн гурван хэсгээс бүрдэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс иргэд өвчний түүх нээлгэхээс гадна 13 А,Б маягт, эмнэлгийн хуудас авах, төлбөр төлөх боломжтйогоос гадна эмнэлгийн ямар үйлчилгээг хаанаас авах талаар лавлагаа мэдээллийг өгнө.
Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид өгдөг тусгай хувцсыг ч энэ хэсгээс олгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу үзүүлэх эмч, хэвтэх тасагт нь хүргэж хүлээлгэн өгөх зэрэг тусгайлсан үйлчилгээг ч Эмнэлзүйн зохицуулалтын албаныхан үзүүлдэг юм.