Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2021-05-14
Б.Энхбаяр: Төр нь гэмт хэргээс сэргийлнэ гэж камержуулчихаад иргэдээ тагнаж, чагнаад байвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд торгох ял, зөрчилд оногдуулсан төлбөрийн 20 хувийг гудамж талбайг камержуулах, мэдээллийг системийг сайжруулахад, 20 хувийг бусад арга хэмжээнд зарцуулдаг байх. Уг хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд захиран зарцуулдаг байх асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны 15 албан хаагчийн цалин хөлс болон бусад урсгал зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгон хуульчлахаар тусгажээ.

Уг хуулийн төслийг байнгын хорооноос хэлэлцэхийг дэмжсэнгүй. Гэвч УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийднэ.

Уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6,686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3,311 нь нийслэлд, 3,375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17.8 хувь, аймгуудын төвүүд 16.1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж. Камерын хяналттай орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг ч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй, теле хяналтын дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглалтын шаардлага, стандарт хангахгүй, бүрэн ажиллахгүй зэргээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа.

Улсын хэмжээнд 6,686 камер суурилуулсан ч 4,216 нь ажиллаж байгаа, үүний 1,251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2,470 нь огт ажиллахгүй байгаа. Цаашид нийслэлд 5,008 цэгт 20,032 камер, аймгуудын төвийн 3,339 цэгт 13,356 камер нэмж суурилуулах шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Камержуулна гээд улсын төсвөөс баахан мөнгө авдаг. Тэр нь ажилладаггүй, засвар үйлчилгээ хийхгүй байсаар олон эвдэрхий камертай болчих вий.

Хоёрдугаарт, камерын аюулгүй байдлыг хангах ёстой. Тэгэхгүй бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бус тагнах, чагнах хэрэгсэл болж, хүний эрхэд халдах хэрэгсэл болох вий гэдгийг анхаараарай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Камержуулалтыг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед орцны, цагдаагийн энгэрийн камертай холбоотой асуудал гарах боллоо. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах ёстой камерын бичлэгүүд яагаад тараагдаад байна вэ. Төр нь гэмт хэргээс сэргийлнэ гэж камержуулчихаад иргэдээ тагнаж, чагнаад байвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Сүүлийн үед цацагдаад байгаа бичлэгийн эзэн холбогдогч тогтоогдсон уу.

Хоёрдугаарт, өмнөх парламентын үед Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчилсэн. Энэ хуулиар торгох ял, зөрчилд оногдуулсан шийтгэлийн төлбөрийн 40 хувийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар заасан. Яагаад 40-өөс доошгүй хувь зарцуулахыгаа хоёр салгаж байгаа юм бэ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Цахимтай холбоотой гурван багц хууль байгаа. Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг өргөн мэдүүлсэн. Ирэх долоо хоногт Кибер аюулгүй байдлын тухайх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ