Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьж цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхдийн мөнгө, тэтгэвэртэй холбоотой тайлбар өгөв.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин хөлсний хэмжээг одоогийн цалин хөлсний түвшинд шилжүүлэх үзүүлэлт юм. Тэтгэвэрт хамгийн өндөр цалин авсан таван жилээ сонгодог. Тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмээгүйгээс тэтгэврийн зөрүү үүссэн. Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай. Монгол Улсын нийт 481,000 тэтгэвэр авагчдын 165,000-ынх нь нэмэгдэнэ.
Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа, сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс, ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол тэтгэвэр нэмэгдэхгүй гэдгийг онцлов.
Мөн “Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Үлдсэн 9 хувьд хүүхдийн мөнгийг олгоно. Зөвхөн үлдсэн 9 хувьд хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг цахим системээр эсвэл Хөдөлмөр халамжийн харьяа хэлтэст гаргах бололцоог бүрдүүлнэ. Засгийн газраас тодотгол батлагдсаны дараа тодорхой журам гаргана” гэв.
Тэтгэврийг 10% нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10% нэмэгдэнэ. Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвэр авдаггүй 6,000 орчим хүн бий. Эдгээр хүний халамжийн тэтгэмж нэмэгдэхээр төсөлд тусгажээ