Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ.
Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа.
“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1 га газарт 460 хүн байх ёстой. Харин энэ хязгаарыг давсан 88 хэсгийн 733 га талбай байгаа аж. Мөн одоо байгаа барилгаас гадна 4560 барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан нь нягтаршлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хамгийн их нягтаршил Яармаг орчимд үүсэж байгааг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга хэлэв.
Нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан дээрх газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 онд гарсан. Уг шийдвэрийг хот байгуулалт, газрын харилцааны үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар уг байршлуудад газар өмчлөх, ашиглах эрх олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, өөрчлөлт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаар онцоллоо.
Төлөөлөгч П.Ганзориг хэлэлцүүлгийн үеэр өнөөдрийн нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, хэт төвлөрөл, орчны бохирдол зэрэг асуудал хууль, журам, стандарт мөрдөхгүйгээр барилгажуулсан холбоотой. Цаашид энэ байдлыг хэрхэн засаж залруулах вэ гэдгийг тодрууллаа. Хүн амын нягтралаас гадна барилгажилтын нягтралыг тооцоолж байгаа нь хуулийн хэрэгжилтийг мөрдүүлэх зорилготой гэдгийг Ц.Тулга хэлсэн юм. Харин төлөөлөгч М.Халиунбат Сүхбаатар дүүргийн 1-10 хороо буюу хуучны орон сууц бүхий хэсгийг тодрууллаа. Олны хэлж заншсанаар 40 мянгат, 50 мянгатын хуучны орон сууцуудыг дахин барилгажуулахаар төлөвлөсөн. Гэвч 3 давхар бүхий хуучны барилгыг нурааж шинээр төлөвлөхдөө давхраа нэмж байгаа асуудлыг хөндлөө. Үүнийг энэхүү бодлогын баримт бичигт хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн юм. Тэгвэл дахин барилгажих төслийг нийгэм, эдийн засгийн талаас харахын өмнө хот байгуулалтын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой гэв. Ц.Тулга “...Дахин барилгажих төслийг хэрэгжүүлэх компанид, ялангуяа 40, 50 мянгатын барилгуудын хуучин хэв маягийг хадгалах үүднээс өөр хувилбар санал болгоно. Өөр байршилд газар шийдэж өгөх зэрэг хувилбарууд бий” гэсэн юм. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ