Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнгээр нийт 4.8 их наяд /дөрвөн их наяд найман зуун гучин есөн тэрбум, хоёр зуун тавин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө бүртгэгджээ.
Энэ удаагийн үзлэг тооллогод нийслэлийн өмчийн оролцоотой 821 байгууллага хамрагдсан байна. Тухайлбал, 271 цэцэрлэг, 140 сургууль, 28 эрүүл мэндийн байгууллага, 129 өрхийн эмнэлэг, 151 төсөвт байгууллага, 93 үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой 9 хуулийн этгээд байгаа юм.
Нийслэлийн өмчийн тооллогын нэгтгэлийг товч танилцуулбал, барилга байгууламжийн нийт дүн 2.03 их наяд байгаа юм. Мөн нийслэлийн өмчит 324 байгууллагад 2709 тээврийн хэрэгсэл тоологдсон байна.
Түүнчлэн 582 худаг, цэвэр усны цооног, 7 услалтын систем байна. Нийслэлийн орон сууцны корпораци болон Нийтийн тээврийн балансад 6 нэрийн оюуны өмч бүртгэлтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 990 нэрийн түүх соёлын дурсгалт зүйл байгаа аж.
Сонирхуулахад, Нийслэлийн байгаль орчны газар 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ. Энэ нь нийслэлийн үндсэн сүргийн дансанд бүртгэлтэй байдаг юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ