Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.
"Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухлыг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050”хөгжлийн бодлогын эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн болого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ бодлого амжилттай хэрэгжих эсэх нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагаанаас шалтгаална. Алсын хараатай, нэг зорилго, нэг бодлогын төлөө санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр ложистикийн гацаа аажмаар арилж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авлигад, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гараад байна. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийж байна. Төрийн анхан шатны байгууллагууд иргэддээ нээлттэй, иргэдээ сонсдог, ярилцдаг байх ёстой. Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.