Өмнөх 7 хоногт нийт коронавирусын халдвар авсан иргэдийн 22 хувийг хүүхдүүд эзэлж байсан бол өнгөрсөн 24 цагийн байдлаар 30 хувь болж өслөө. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч хүүхдээ олон нийтийн газраар дагуулан явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг ЭМЯ-наас анхаарууллаа. Насны бүлгээр аваад үзвэл 18-29 насны иргэд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна. Энэ насны иргэдийн 80 хувь нь л дархлаажуулалтад хамрагджээ.
Сүүлийн 24 цагт 9600 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67710 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдэж, 5 иргэн нас барсан байна. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 6423 хүн байгаагаас 3892 нь биеийн байдал хөнгөн, 1892 нь хүндэвтэр, 506 нь хүнд, 133 нь маш хүнд байна. Маш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч байна.