Монгол улсын ерөнхийлөгчийн 8 удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн. Анх 1993 онд анхны ерөнхийлөгчийг ард түмэн 4 жилээр сонгож байсан бол энэ удаа 6 жилийн сонгох юм.
Энэхүү сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-наас нэр дэвшигч С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшсэн юм.
Сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байна. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж. “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг байна.
Санал авах байранд очих боломжгүй 25 мянга 619 иргэний саналыг 06 сарын 8-нд авсан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр тусгаарлах байранд байгаа 7051 иргэн, ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй, санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн санал өгчээ.
Мөн өнгөрсөн сарын 30, 31-нд Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Салбар комисс гадаад амьдарч буй иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулсан. Энд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь нь санал өгчээ.
Монгол улс 1993,1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онд Монгол Улсын төрийн тэргүүний сонгуулийг тус тус зохион байгуулж байсан байна.