Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, СЕХ-ноос дүн мэдээг нэгтгэх ажил үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар нийт 2,087 хэсгийн хорооноос 2,004 буюу 96 хувь нь дүн мэдээгээ СЕХ-нд хүргүүлжээ. Хамгийн сүүлийн байдлаар нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна.
Сонгуулийн дүн мэдээтэй холбогдуулан МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Миний бие Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцон нийт сонгогчдын 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар том хариуцлага гэж хүлээж авч байна. Ард түмэн маань эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх итгэл найдвар үзүүлж, саналаа өглөө. Энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орны хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно гэдгийг онцлов.