МИАТ ТӨХК нь Олон Улсын Иргэний Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны (IATA) гишүүн бөгөөд олон улсын жишиг стандартын дагуу нислэгийн тийз борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг.
Өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын 40 гаруй авиакомпанитай хамтран ажиллаж, мөн нислэгийн тийз борлуулах эрх бүхий 30 орчим байгууллагатай олон улсын стандартын дагуу шууд болон шууд бус борлуулалтын сувгаар дамжуулан нислэгийн тийз борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн үед Австралийн холбооны улсад оршин суудаг Монголчуудын дунд МИАТ ТӨХК-ийн нэрийг барьж нислэгийн тийз хямдаар авч өгнө хэмээн зарим хувь хүмүүс компанийн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, хууран мэхлэх, залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах боллоо.
Иймд үйлчлүүлэгч Та бүхэн нислэгийн тийз худалдан авахдаа хувь хүнээс авахгүйгээр МИАТ ТӨХК-ийн Тийз борлуулалтын газруудад хандан компанийн албан ёсны дансанд төлбөрөө тушааж тийзээ бичүүлэх эсхүл манай албан ёсны гэрээт тийз борлуулагч агентаар дамжуулж, тус агентуудын банкны харилцах дансаар тийзийн төлбөрөө шилжүүлж, олон улсын стандартын дагуу баталгаажсан тийзээ цахим шуудан болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авахыг анхааруулж байна.
МИАТ ТӨХК-ийн зүгээс компанийн нэр, хүндийг хууль бусаар ашиглаж хууран мэхлэх үйлдэл гаргасан энэхүү үйлдлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК