Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-06-23
Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын Үндэсний Бөхийн холбооноос Монгол Улсын Засгийн газрын хурлаар батлах Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт оруулах тухай саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр, мөн 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдөр тус тус хүргүүлсэн. Саналд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдөр МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлөөс баталж, Монгол бөхийн өргөөнд зохиогдсон 34 барилдаан болон орон нутагт зал, танхимын барилдаануудад хэрэгжүүлэн ажиллаж буй дүрмийг ХЗДХЯамнаас Монгол Улсын Засгийн газрын хуралд оруулж батлуулах Барилдааны дүрэмд мэргэжлийн байгууллагын өгсөн санал байсан болно.

Гэвч ХЗДХЯаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдийн хурлын олонхын саналаар Үндэсний их баяр наадмын 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвх харж хасах мөн давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэрийг гаргав. Уг шийдвэрийг мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэн, наадмын барилдаануудад дараах хүндрэл, зөрчил үүсэхээс болгоомжилж байгаа болно.

1. Наадмын түрүү, үзүүр болон цолны даваануудад бөхийг идэвхээр хасах нь Монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, сайн сайхны бэлгэдлийн илэрхийлэл, үндэсний их баяр наадмаа үзэж байгаа нийт ард олон, үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, үүнээс шалтгаалсан ямарваа нэгэн маргаан үүсэх,

2. Идэвхээр давуулах шийдвэр гарсантай холбогдуулан жилд нэг удаа цол олгох наадмын барилдаанд бөх өрсөлдөгчөө мэх хийн давахыг эрсдэлтэйд тооцон, зөвхөн идэвх гаргах үйлдэл, хөдөлгөөн хийж монгол бөхийн үндсэн суурь зарчим алдагдах,

3. Орон нутагт болох сум, аймгийн наадмуудыг зохион байгуулагчид бөхийг хэлмэгдүүлэх, хохироохоос тус тус болгоомжилж байгаа болно.

Иймд бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж ажиллахдаа ХЗДХЯам болон тус яаманд төвлөрсөн Үндэсний Бөхийн Салбар Хорооны гишүүдээс бөхийг хасах мөн давуулах шийдвэр гаргах, шийдвэрийг олон нийт наадамчдад танилцуулж ажиллах комиссыг бүрдүүлэн ажиллах нь зохистой гэж үзэн ХЗДХЯаманд хандан ажиллаж байгаа болно.

Жич: Допингийн эсрэг үндэсний байгууллагаас 2023 оны 2, 3, 4-р саруудад үндэсний бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан бөгөөд допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал ирэх долоо хоногт болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ