МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Боловсролын ерөнхий хуулийн төсөлд гадаадын хэлний сургалт, хөтөлбөртэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан асуудал, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээлийг сонсох, Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тус тус хэлэлцсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлэг Боловсролын Ерөнхий хуулийн төслийн англи хэл үндсэн гадаад хэл байх тухай заалтын талаар хэлэлцэхдээ англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Одоо байгаа хөтөлбөрөөр эхний хэл англи хэл байна, бусад хэлийг сонгон судлах хэлбэрээр явуулж болно гэж үзэж байна. Бүх зүйлийг хуульчлах боломжгүй. Англи хэлийг нэгдүгээр ангиас нь орох уу, гуравдугаар ангиас нь орох уу гэдгийг Боловсролын байгууллага өөрсдөө шийднэ. Хүүхдийн нас, сэтгэхүй, боловсон хүчин, материаллаг бааз зэргийг харгалзан үзээд хэддүгээр ангиасаа орохоо шийдэх, үндсэн хэл сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй" гэж үзлээ.