Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-06-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо

-Дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг "Зуны Давос" онцолж байна-

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв.

Цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад, мөн геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүссэн сорилтуудыг хамтын хүчээр даван туулахад Дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулж буй арга хэмжээнүүд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

“Зуны Давос” чуулга уулзалтын нээлтэд Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлэхдээ ковид цар тахлын дараа эдийн засгийн форум болж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг онцолж байлаа.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Зуны Давос” чуулга уулзалт “Бизнес эрхлэх нь: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” (Entrepreneurship: The Driving force of the Global Economy) сэдвийн дор болж байна.

Чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал, технологийн дэвшил, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар төр засгийн тэргүүнүүд болон томоохон хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорациудын захирал, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд санал солилцдог. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Жинь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли нар хүндэт зочноор оролцов.

Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэтийн бодлого, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцдэг Монголын эдийн засгийн форум ирэх сарын 9-10-нд болохыг Ерөнхий сайд тэмдэглээд профессор Клаус Швабыг оролцохыг урилаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ