“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээ, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан яллагдагч Д.Эрдэнэбилэг хилээр гараад эргэн ирээгүй байгаатай холбогдуулж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат өнөөдөр /2023.06.27/ мэдээлэл хийлээ.
Ү.Амарбат “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холботой маргааныг 2019 оноос, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой хэргийг 2020 оноос эхлэн АТГ 4 дэх жилдээ шалгаж байна. АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн.
Энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг шийдсэн. Энэ хүнийг 14 хоног Сингапур улсад явах боломжийг олгоод, 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад явуулжээ. Гэтэл Д.Эрдэнэбилэг нь 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй байна.
Яллагдагч гадаад руу явсны дараа ямар үйл явдал болсон бэ гэхээр 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлсэн. Хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй байна гээд мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл шүүх, прокурор хилээр гаргаж явуулаад буцаагаад хүн чинь байхгүй байна гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцааснаар энэ хэрэг эргэж хэзээ сэргэх вэ, шүүхээр шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна.
Хэргийн хохирогч болох Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн өмгөөлөгч нарт огт мэдэгдэлгүйгээр шүүхээс шийдвэр гаргаад өнөөдрийг хүргэсэн.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өмгөөлөгч нар прокурорт хандан “Хэрэгтэйгээ танилцая” гэхэд хүсэлтийг нь хангахгүй яваад байсан. Ингэж явсаар саяхан Д.Эрдэнэбилэг Монголд байхгүй, шүүхээс хилийн хоригийг нь цуцалсан шийдвэр гаргачихсан тухай мэдлээ.
Монгол Улстай ямар ч ялтан шилжүүлэх харилцан гэрээ байхгүй Сингапур улс руу “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр 4 их наядын хохиролтой, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр 2.8 их наядын хохиролтой, “Цемент шохой үйлдвэр” дээр 300 тэрбумын хохиролтой, нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад тэр хүн байхгүй болсон.
Энэ үйл явдал бол шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж эргэлзэж хардаж байгаа учраас, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар АТГ-т 3 хүсэлт гаргаж байна.
Нэгдүгээрт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг АТГ-т гаргаж байна. Өөрөөр хэлбэл хэвийн, ердийн хэрэг дээр ийм шийдвэр гарах боломжгүй. Жирийн иргэнийг шалгаж байгаа хэрэг дээр маш хурдан баривчилдаг, хилийн хориг тавьдаг, сулалдаггүй, хүнд өвчтэй байхад хүртэл Улаанбаатараас гаргадаггүй, гадаадад явуулдаггүй байтал төрийн өмчит компаниудын хэрэг дээр ийм шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж АТГ-т хандаж байна.
Хоёрдугаар энэ хэрэг ганцхан Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудал биш бусад 21 хүн, 2 хуулийн этгээдтэй холбоотой хэрэг. Бусад хүнийг ингээд явуулчихсан юм биш биздээ. Шүүх, прокурор дээр хийж байгаа ажиллагааны талаарх мэдээлэл нэг ч удаа Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өгөөгүй. Б.Болор, Д.Эрдэнэбат, Ц.Пүрэвтүшин, О.Орхон, н.Шижир, н.Сугар, н.Батбаяр, н.Энхболд гээд энэ хүмүүсийн хувьд хилээр гараад явсан юм биш биз дээ. Шүүх ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм бэ гэдэг мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч ээ гэдэг хүсэлт гаргаж байна.
Гуравдугаарт өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг шалгагдаж байх хугацаанд “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтлийн цемент шохойн” үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн хохирол тасралтгүй өсч байна. Өмнө нь 122 тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулж байсан гэж үзсэн бол одогоор 350 тэрбум төгрөгийн татвар дарсан байна гэж үзэж байна. Төрд авснаас хойш материалуудаа шүүгээд үзэхээр нуун дарагдуулсан баримт материалаа үзэхээр хохирлууд тасралтгүй нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж байгаа хохирлын материалыг өгч, үүнийг нягтлан шалгаж тогтоож Засгийн газрын хохиролд тооцож өгнө үү гэсэн хүсэлтийг өнөөдөр өгч байна.
Хохирогч нь төр байгаа хэрэг дээр нэг бол хэрэг замхардаг, хохирлыг бүрэн тооцохгүй явж байгаад нэг хүн тодорхой хохиролтойгоор хоригдоод дуусдаг байдал байна. Тиймээс бид энэ хэрэг дээр бүрэн бүтэн хохирлоо барагдуулуулахын төлөө явна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гол зорилго бол “Гангийн цогцолбор” барих ёстой. Гэтэл Монгол Улс “Гангийн цогцолбор” барих асуудлаар хөрөнгө оруулагчтай ярих гэхээр танай энэ компани концессын маш том маргаантай юм байна. Энэ асуудлыг дуустал хөрөнгө оруулалт хийх бололцоогүй” гэдэг хариуг байнга авдаг. Манай улс гангын үйлдвэртэй болох уу гэдэг энэ хэргийн шийдвэртэй шууд холбоотой. Энэ хэрэг шийдвэрлэлтэд Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Сингапураас ирээд хэрэг хянан шийдвэрлэлтэд оролцох уу гэдэгтэй шууд хамааралтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ хэрэг хурдан шийдэгдснээр үйлдвэрийн төслүүдээ хөдөлгөх эсэх асуудал болж хувирсан байна.
Өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл Засгийн газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ хэргийн талаар тасралтгүй мэдээлэл өгч байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яаж явах нь вэ гэдгийг хараад олон нийтэд мэдээлэл өгөөгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна, хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийднэ гэсэн хүлээлттэйгээр 9 сар өнгөрсөн. Харамсалтай нь бүх нөхцөл байдал хохирогч нарын эсрэг болж хувирч байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа ирсэн. Гол яллагдагч нь байхгүй. Д.Эрдэнэбилэгийн хэргийг тусгаарлаад шийдье гэхээр зохион байгуулалттай гэмт бүлэглэл хэрэг үйлдсэн. Зохион байгуулалттай улсын үйлдвэр аж ахуйн газрыг авсан байна.
Тийм болохоор бид чимээгүй цааш нь үргэлжлүүлээд хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй, олон нийтэд тогтмол хүргэж мэдээлж, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана” гэж үзэж байна.