Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-аас "Сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүд дотуур байрандаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар цахим сүлжээнд иргэд мэдээлсэн. Үүний дагуу тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар бүртгэж шалгаж эхэллээ. Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурав, үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдаж байгаа. Хэргийн явцын талаар прокурорын байгууллагад танилцуулснаар харъяаллыг мөрдөн байцаах газарт шилжүүлсэн.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, шаардлагатай нэг хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажиллагаа хийгдэж байна" гэлээ.
Хохирогч гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв гээд нийт долоон хүүхэд шинжилгээ өгчээ. Тэдний шинжилгээний хариу гарсан ч дүгнэлтийн нийтэд одоогоор мэдээлэх боломжгүй, зөвхөн прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэл өгнө гэв.
Харин хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдэд хувийн баталгаа гаргуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.