Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2021-06-25
У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ, БҮРЭН ЭРХ  НЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЛЭЭ

"Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөлөө.

Монгол Улсын 5 дах Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид тамгаа өргөн барьснаар У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болж, бүрэн эрх нь ийнхүү хэрэгжиж эхлэлээ.

Тангаргаа өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр “Монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж шударга ёс, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэхүү шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Шударга ёс тогтсон нийгэмд хүмүүс эрх, чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг ард түмэн хүсч шахаж шаардаж байгаа. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус шударга шүүх прокурорын байгууллага.  Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага хууль дээдэлдэг, хараат бус хууль шүүхийн тогтолцоо болгох нэн чухал шаардлагатай байна.

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол хүн эх орон газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийн үр шимийг адил тэгш хүртэх явдал бол шударга ёсны бас нэгэн зарчим. Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний маань оюун санааны охь ундарга юм. Байгалийн баялгийг ашиглах, төрийн бодлогыг урт хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэн, Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгохын зэрэгцээ, Монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Баялагтаа эзэн Монголын төлөө ард түмний минь хүсэл тэмүүлэл төрийн тэргүүн миний байр суурь цаашид улам биеллээ олж үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт би итгэл төгс байна. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг. Харин манай оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг ямагт санаж байх ёстой.

Байгалийн баялгаа ариг гамтай зүй зохистой ашиглах нь нэн чухал гэдгийг оюун санаа зүрх сэтгэлдээ бодож явах учиртай юм. Монгол хүний оюун санаа үүх түүх, өв соёл, зан заншил бичиг үсэг, мэдлэг боловсрол нүүдэлчдийн соёл иргэншил бид бүхэн ундран арвиждаг баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Улсад Монголоороо бахархах Монголоороо гоёхын үндэс суурь болно.

Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Учир иймд төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд таниулах, өв соёлоо өвлүүлэн үлдээх залуу хойч үеэ эрх оронч үзлээр хүмүүжүүлж ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллуулах болно. Түүнчлэн эх дэлхий ургамал амьтан уул ус байгаль орчноо хамгаалах бүх нийтийн үйл болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт цөлжилт хөрс, ус агаар, уурхай үйлдвэржилтээс үүдсэн байгалийн баялгийг нөхөн сэргээх эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх  санаачилга гарган төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Эрхэм нөхдөө улс орны тусгаар тогтнол оршин тогтнохын үндэс нь эх орон газар шороо хэл соёл ард түмэн билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо алтан гагнаас нь эв нэгдэл юм. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтсоныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж зөвийг сахиж эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно” гэв.

Тангараг өргөх ёслолд  Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, гадаадын элчин сайд, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ