Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-06-29
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.

Засгийн газар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах саналыг гишүүд гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний зарлагыг мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх; Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан албан тушаалтнуудаас бусад хуулиар тогтоосон албан тушаалын халдашгүй байдлын хүрээг хязгаарлах асуудлыг төсөлд тусгахаар холбогдох саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг хураах нэмэгдэл ялын төрөл бий болгох асуудлыг судалж, санал боловсруулахаар тогтоолын төслийн хавсралтад тусгах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглож, хэрэгжилтийг хангана гэж заасныг төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Тухайлбал, 2012 оноос хойш нийтдээ 8 удаа төрийн байгууллагуудын шударга байдлын талаарх судалгаа хийхэд нэр бүхий байгууллага удаа дараа тааруу үнэлгээ авсан бөгөөд тэдгээр байгууллагын авлигын эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар тодрууллаа. Хэлэлцэж буй төсөл нь ирэх 7 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар, мөрдөх алба, иргэний нийгмийн байгууллагууд болон бүх нийтээр авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт үйлдлийн эсрэг хэрэгжүүлэх цогц стратеги гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. АТГ-аас санаачлаад, нийт 9 салбарын хүрээнд бүх яамны төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, олон улсын байгууллага, хөндлөнгийн мэргэжилтнүүд оролцсон 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллаж, боловсруулсан бодлогын баримт бичгийн төсөлд байгууллагуудын авлигын эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар туссан гэдгийг хэлсэн. Сүүлийн жилүүдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс бодитой арга хэмжээ авч, үүний үр дүнд авлига, албан тушаалын талаарх гэмт хэргүүд олноороо илэрсэн гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, илрүүлэх, таслан зогсоох механизм ажиллаж байгаа учраас нийгмийг бухимдуулахуйц хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, нэмэгдсэн хэмээн тайлбарлав. Хэрэгжих хугацаа нь дуусч буй хөтөлбөр үр дүнтэй байсныг Б.Энхбаяр гишүүн тайлбарласан. Парламент, Засгийн газар, хууль хяналтын байгууллага, ард түмэн нийтээрээ нэг зүгт харж, хамтдаа нээлттэй, ил тод хэлэлцэн гэмт хэргүүдийг илрүүлж байгаа нь Монгол Улсын түүхэнд байгаагүй үйл явдал гэв. Сүүлийн жилүүдэд АТГ-ын илрүүлж, шалгаж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж, цар хүрээ өргөжиж, улсад учруулсан их наядаар хэмжигдэх хохирлыг тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх зэргээр хөтөлбөрийн үр дүнг бодитоор харж болох бөгөөд үүнд эрх зүйн орчны нөлөө, улс төрийн манлайлал дэмжлэг болж байгааг ч хэлсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оногдуулахаар холбогдох хуульд өөрчлөх оруулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудыг, Эдийн засгийн байнгын хороо “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг тус тус зохион байгуулсан. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо ирэх намар нээлттэй сонсгол хийхээр дүгнэлт гарсан. Түүнчлэн цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаад орнуудаас авсан зээл, тусламж, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого зарлагыг нийтэд ил болгох ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар Байнгын хорооны холбогдох тогтоол батлагдсан гэх зэргээр Улсын Их Хурал авлигын эсрэг улс төрийн манлайлал үзүүлж ажиллаж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсөв, хүний нөөц, эдийн засгийн дэмжлэг тусгасан эсэхийг гишүүд тодруулахад ийм агуулгаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгахаар төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хороо дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байгаа гэв. Хэлэлцэж буй хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд 7 жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоолол хийснээ Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Улсын Их Хурлын гишүүд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой, бизнесийн салбар дахь төрийн оролцоог зохистой түвшинд хүргэхтэй холбоотой төсөл дэх зохицуулалтууд, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, тус хуулийг хэрэгжүүлсэн талаарх төрийн байгууллагуудын дүн шинжилгээний талаар тодруулж, хариулт авсан юм. Ийнхүү гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа дээрх тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас Улсын Их Хурлын 2019 оны 67 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах саналыг ирүүлжээ. Авлигын эсрэг хуулийн 17 зүйлийн 17.1-т “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Улсын Их Хурал батлах …” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороо төслийг боловсруулжээ.

Байнгын хороо энэ долоо хоногийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу төслийг хэлэлцсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал гаргаагүйг санал, дүгнэлтэд дурдав. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжсэн гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 41 гишүүний 53.7 хувь нь дэмжснээр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын 3 хоногийн завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд тодорхой асуудлаар зөвшилцөн, санал нэгдсэн гэдгээ Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэв. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3 дахь заалт, 6.3 дахь хэсгийг хасаж, мөн зүйлд “6.5.Сонсголгүй сурагчийн боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэл байна.”, “6.6.Боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна.” гэсэн агуулгатай 6.5, 6.6 дахь хэсгийг нэмэх саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ асуудлыг улс төржүүлэх нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлээд төслийн холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж болзошгүй байгаагаас үүдэн асуудлыг нухацтай хэлэлцэж буйг санууллаа. Хуулийн төсөлд холбогдох заалтыг тодорхой тусгаагүй гэдэг нь англи хэлийг дэмжихгүй байна гэсэн үг биш гэдгийг тэмдэглээд “Монгол Улсын иргэн нэн тэргүүнд эх хэлээ сурах ёстой. Үндэсний аюулгүй байдал, үндэсний бодлого нь төрөлх хэлээ дэмжих байдаг” гэв. Тиймээс олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрөөр энэ асуудлыг шийдэх нь оновчтой хэмээн санал нэгдсэн болохыг дурдаад “Аль нэг хэлэнд хайртай, эсвэл аль нэг улсын тулган шаардалт юм шиг улс төржүүлж, асуудлыг дэвэргэн олон түмнийг талцуулах нь зохисгүй. Тал талдаа зөв ойлгож, сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулдаг олон улсын жишгээр шийдвэрлэх нь зөв. Боловсролыг тэгш, хүртээмжтэй болгох нь боловсролын реформын гол чиглэл байх ёстой. Хүүхэд бүр гадаад хэл төдийгүй математик, физик, шинжлэх ухааны хичээлүүдийг суралцах тэгш боломжоор хангагдах ёстой. Үүнийг улс төржүүлэх нь зохисгүй, энэ бол шинжлэх ухааны асуудал гэдгийг тодруулж хэлье” гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэх үеэр зарим саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, шаардлагатай бол Байнгын хороог дахин хуралдуулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгөв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 23 үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэг үргэлжилж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав. Тэрбээр хувийн нэмэлт тэтгэврийн шимтгэл нь албан журмынх эсэхийг тодруулж, хэрэв албан журмаар төлөх шимтгэл болох тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэж, улмаар  татвар нэмсэн асуудал болно гэлээ. Хувийн тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын зарчимд суурилах бөгөөд иргэн нэмэлт тэтгэвэр авах зорилгоор Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүний нэр дээр сайн дураар шимтгэл төлөх төслийн зохицуулалтын талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тайлбарлав. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ