Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 13 цаг 19 минутад эхэлж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарим заалтаар дахин санал хураалт явуулах шаардлагатай хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасныг баримтлан 1, 42.2.3-т заасныг баримтлан 2, нийт 3 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, хөтөлбөрийн төсөл дэх “Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагаан дахь авлигын эрсдэлийг бууруулна” гэсэн 7 дахь зорилгын “Төсвийн төлөвлөлтийг урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулж, тэгш хүртээмжтэй, нээлттэй, олон нийтийн оролцоог хангаж, тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн 1 дэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх “Төсвийн захирагчийн албан тушаалд нэр дэвшигчдийг бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөр өрсөлдүүлэх зарчмыг баримтлан сонгон шалгаруулж, төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж хэвшинэ” гэсэн 11 дэх арга хэмжээ нь Үндсэн хуультай зөрчилдөх эсэхийг лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав.
Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддоржийн хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгасан байдаг. Тодруулбал, дээрх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан байдаг. Энэ дагуу Үндсэн хуулийн цэцийн тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллага буюу Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн саналыг Б.Энхбаяр дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддоржийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.