Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-07-03
Ойн түншлэлд Ази тивээс зөвхөн Монгол Улс оров

Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Европын Холбооноос олон улсын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д нийт 5 Улс багтсаны нэг буюу Ази, номхон далайн бүсэд Монгол Улс ганцаараа багтсан юм.

Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт бөгөөд Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.

Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.

Тус санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗГХА-Ойн газар болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран 2023 оны 1 дүгээр сараас “Замын зураг”-ийн төслийг хэлэлцэн тохиролцох ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд “Замын зураг”-ийн төслийг аймаг, сумын ойн газар болон аймгуудын БОАЖГ-ын төлөөллүүдэд орон нутгийн байгууллагуудын оролцоог хангах, мэдээлэл дамжуулах, танилцуулах зорилго бүхий уулзалт, Шинжлэх ухааны болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг бусад оролцогчдтой хийх уулзалтыг тус тус зохион байгуулан санал, хүсэлт, зөвлөмжийг тусган сайжруулалтыг хийлээ.

Улмаар энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр ЗГХА- Ойн газрын дарга болон ЕХ-ны Хамтын ажиллагааны даргаа ахлуулсан төрийн байгууллагуудын оролцоотой Шинжээчдийн ажлын хэсэг хуралдан Замын зургийн төслийг хэлэлцэн санал зөвлөмжөө нэгтгэв.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЕХ-оос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар “Замын зураг”-ийг эцэслэн баталлаа. Ингэснээр Санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх болно.

Эх сурвалж: БОАЖЯ


Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ