Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-07-04
“Монгол Улсын зудын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ирээдүй-хамтдаа өргөжүүлье” зөвлөлдөх уулзалт болов

УОК, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага(FAO), МУЗН, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах алба (OCHA), Ази, Номхон далайн бүсийн гамшгийн болзошгүй эрсдэлийг эртнээс бууруулах арга хэмжээний техникийн ажлын хэсэг болон Норвегийн Дүрвэгсдийн комисстой хамтран “Монгол Улсын зудын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ирээдүй-хамтдаа өргөжүүлье” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Байгалийн жам ёсны гэхээс илүүтэй нийгмийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээ, амьдрах хэв маяг, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлүүдийн давтамж, нийгэм-эдийн засаг,нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, түүгээр ч барахгүй уламжлалт өв соёлд учруулах хор уршиг гэхчлэн хамрах хүрээ нь жилээс жилд нэмэгдэн хүмүүнлэгийн тусламжийн болон талуудын хамтран ажиллах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах албаны мэдээлснээр, өнгөрөгч 10 жилд дэлхий нийтийг хамарсан байгалийн аюулт үзэгдлээс эдийн засагт 1.5 их наяд ам. долларын хохирол учирсан бөгөөд 2004 онд хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтэд зарцуулж байсан 3.4 тэрбум ам доллар 2015 онд бараг 6 дахин нэмэгдэн 19.5 тэрбум ам долларт, 2022 онд 41.0 тэрбум ам. долларт хүрч, 2023 онд 51.5 тэрбум ам. долларын санхүүжилт шаардах болоод байгаа бол Монгол Улсын тухайд сүүлийн 10 жилд байгалийн гамшигт үзэгдлээс нийгэм, эдийн засагт жил бүр ойролцоогоор 50-70 орчим тэрбум төгрөгийн материаллаг хохирол учирч байгаа нь өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад бараг 10-14 дахин өссөн байна. Иймд Монгол улсын Засгийн Газар 2022 оны зун гандуу болон гантай зуссан, өвөл-хаврын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, бэлчээр, тэжээл хомсдсон, өвөлжилт хүндрэх эрсдэл эртнээс анзаарагдсан 11 аймгийн эрсдлийн үнэлгээг гаргах, малчин өрхийн амьжиргааг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын нөөцийн өвс, тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олгохоор өнгөрөгч 12 дугаар сард шийдвэрлэж олон улсын байгууллагуудтай хамтран Урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлсэн.

Ингэснээр малын хорогдлыг тодорхой түвшинд барьж, малчдын амьжиргааг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулж чадсан юм. Цаашид гарч болох олон сорилт, бэрхшээлийг таамаглан, тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхэд бодлого, эрхзүйн зохистой орчныг бүрдүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа, зохицуулалтыг хангах, санхүүжилтийн найдвартай эх үүсвэр, оновчтой механизмыг бий болгох зайлшгүй шаардлага байна. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт эдгээр чиглэлд чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байна” гэлээ.

Шинжлэх ухаан, техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлүүд нь байгалийн аюулт үзэгдлүүдийн ихэнхийг урьдчилан таамаглаж, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох боломжийг нээж байна.

Байгаль, цаг уурын хувьд өвөрмөц, газарзүйн эмзэг тогтоцтой манай улсын нийгэм-эдийн засагт асар их хохирол учруулдаг зудын эрсдэлийг өндөр нарийвчлалтай урьдчилан таамаглах боломж нэгэнт бий болжээ.

Үүнд манай үндэсний ус,цаг уур, орчны шинжилгээний албаны амжилттай хөгжүүлсээр байгаа цаг агаарын урьдчилан сэргийлэх систем, газрын ажиглалт, зайны тандалт судалгааны 10 гаруй үзүүлэлтэд тулгуурлан боловсруулдаг, 2015 оноос хэрэглээнд нэвтэрсэн зудын эрсдэлийн зургийг онцлох нь зүйтэй.

Хүн амд гамшиг учруулах онцгой байдал үүсэхэд буюу өнгөрсөн хойно нь нэгэнт учирсан хохирлыг арилгах чиглэлээр биш, харин гамшгийн болзошгүй эрсдэлийн эртнээс сэрэмжлүүлэх замаар урьдчилан сэргийлэх нь хүмүүсийн амь нас, амьжиргааг авран хамгаалах, гамшгийн эрсдэл даах тэдний чадвахийг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ, зардлыг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах олон талын ач холбогдолтог дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг болсон.

МУЗН, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 2017 оноос хамтран цөөн толгой малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй эмзэг бүлгийн малчин өрхүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хошуучлан хэрэгжүүлсэн нь урьдчилан сэргийлэхэд зарцуулсан ам.доллар болгон малчин өрхөд 7.1 ам.долларыг хэмнэдэг болохыг уг арга хэмжээ нотолсон байна.

Зөвлөлдөх уулзалтаар оролцогч талуудын хоорондын зохицуулалтын сүлжээг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, засгийн газрын хамтрагчид урьдчилан хэрэгжүүлэх арга хэмжээний санаачилгыг өргөжүүлэх сонирхлын талаар хэлэлцсэн юм.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ