Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-07-07
Үерийн аюулаас сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долоодугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Орхон гол Сүхбаатар орчимд үерийн түвшинг 10-60 см, Ерөө, Сэлбэ, Балж, Хэрлэн голын эхээр үерийн аюултай түвшинг 10-60 см  даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 8-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Ерөө гол Дулаанхаан болон Хараа гол Дархан хот орчимд 25-30 см, Онон гол Дадал сум орчимд 30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 20 см, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд 10 см  тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурьдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ