"Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй судалгааны баг тарвага сэргээн нутагшуулах ажлыг Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутагт гүйцэтгэж, нийт 80 тоо толгой тарвага нутагшуулан сум орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, нутгийн иргэдэд хүлээлгэн өгчээ.
Архангай аймагт нутагшуулсан тарвагыг Хустай нуруунаас, Завхан аймагт нутагшуулсан тарвагыг Завханы Яруу сумын тарваганы тархац, нөөц бүхий газраас барьж сэлгэн нутагшуулж байна.
Энэ судалгааны ажлыг дөрөв дэх жилдээ явуулж байгаа юм. Анх 2020 онд нутагшуулсан тарваганы популяцийн нутагшилт сайн, тархац нутгаа тэлсэн, өсөлт сайн, нутгийн иргэдийн хамтын оролцоотой хамгааллын ажил үр дүнгээ өгч байгааг эрдэмтэд дүгнэлээ.