УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.07) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын энэ сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо тус тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг долдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 49 гишүүний 67.3 хувь нь дэмжин, УИХ-ын тогтоол батлагдав.
“Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 50 гишүүний 66 хувь нь дэмжин, “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Дараа нь зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны, С.Одонтуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасныг хуралдаан даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулав.
“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 80.4 хувь нь дэмжин, УИХ-ын тогтоол батлагдлаа.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд; Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд; Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүд зэрэг хууль, тогтоолын төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-т заасны дагуу эцэслэн батлах санал хураалтыг нэгбүрчлэн явууллаа.
“Монгол УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 106, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 27, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 27, Байнгын хороодоос 51, УИХ-ын гишүүнээс 2 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.
“Монгол УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол; “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолд 2023 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр туссан хууль, тогтоолын төслүүд; “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан 5 дугаар хавсралтад туссан хууль, тогтоолын төслүүд; “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад туссан хууль, тогтоолын төслүүдийг тухай бүр нь хэлэлцүүлэх зарчмыг баримталжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Туваан, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Д.Өнөрболор нар асуулт асууж, санал хэлсний дараа “Монгол УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон УИХ-ын 46 гишүүний 56.5 хувь нь дэмжлээ. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.