Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 5,320,000 ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгээд байна. Ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 46 ариутгагч ажиллаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 27-р хорооны үерт автсан 42 байрны орц, гадна орчин, цахилгаан шат, хогийн цэгүүдэд 70 бодис ашиглаж халдваргүйтгэл хийж буй. Ариутгагч бодисын нөөц хангалттай.
Түүнчлэн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 16 байгууллагын 610 албан хаагч 6.1 сая ам метр авто болон явган зам талбайг цэвэрлээд байна.
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, дотоодын цэргийн ангиудын алба хаагчид гудамж талбайд хуримтлагдсан лаг, шаврыг зөөж ачих, үүссэн бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Тэд хоногт 8-10 цагаар ажиллаад сэлгэх байдлаар буюу ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа. Олон нийтийн сүлжээнд гарсан гудамжинд унтуулж байна гэсэн мэдээлэл ташаа” гэж онцолсон.