Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн гол /Мөрөн хот/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол /Улаанбаатар хот/, Хараа гол /Дархан хот/, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур, Өндөрхаан сум орчимд/, Балж болон Онон гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын Орхон гол /Хархорин, Өлзийт сум орчимд/, өврийн Онги гол /Уянга, Сайхан-Овоо сум орчимд/, Зэгстэй гол /Өлзийт сум/ орчимд үерийн түвшинг тус тус 10-50 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.
Харин Хангай нуруунаас усжих Орхон гол Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот орчимд/, Онги гол /Арвайхээр сум/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Хэрлэн гол /Мөнгөнморьт/, Ерөө гол /Дулаанхаан сум/, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу долоодугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум, Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд болон Архангай аймгийн Өлзийт сум, Булган аймгийн Сайхан, Орхон сум орчимд Орхон голын усны түвшин 10-60 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.