Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцуулав.
Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 18 байршилд нийт 15 мянга орчим ажилтан, алба хаагч 2200 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр /м3/ элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжаас 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө. Мөн 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10.5 мянган тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Түүнчлэн нийт 4.3 сая ам метр талбайг халдваргүйжүүлжээ.
Тэрчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах саналуудыг танилцууллаа. Тухайлбал,
- Усны сан бүхий газар, усан хангамжийн эх үүсвэр, хамгаалалтын бүсэд голын урсацын чиглэл өөрчилсөн, инженерийн барилга байгууламжийн хийц, бүтээц, зориулалт өөрчилж барьсан, барьж байгаа барилга, байгууламжуудыг буулгаж, урсцыг чөлөөлөх, холбогдох хариуцлагыг хүлээлгэх,
- Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг өргөтгөн шинэчлэх, сэргээн засварлах, шинээр барихад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
- Үерийн усыг хуримтлуулах хиймэл нуур, хөв цөөрмүүдийг байгуулах,
- Ус зайлуулах сүлжээгүй барилга, замын байгууламжийн асуудлыг шийдвэрлэх,
- Үерийн хамгаалалтын бүсэд суурьшсан айл, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх,
- Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон инженерийн дэд бүтцийн байгууллагын машин механизм, техник хэрэгсэлд парк шинэчлэл хийж, хангалтыг нэмэгдүүлэх,
- Хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм журамд өөрчлөлт оруулах зэрэг санал гаргав.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, үерийн нөхцөл байдалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалт хийж, нэгдсэн дүгнэлтийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болгов.