Энэ сарын 23-ны өдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
-Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ?
-Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна.
-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Өвчтөн савж унасан тул томограф болон рентген шинжилгээ хийсэн. Баруун мөрнөөс тохой хүртэлх түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа.
-Хүчдэлд цохиулсан хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан?
-Энэ мэдээлэл ташаа. Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС