Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-07-24
38 байршилд ус соруулж байна

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралд нийслэлийн харьяа 29 байгууллагын удирдлагууд оролцож, бороо орсны улмаас үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням "Улаанбаатар хотод орсон борооны улмаас 169 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Онцгой байдлын алба хаагчид холбогдох албаныхны хамт 38 байршилд ус соруулж байна. Мөн 10 байршилд цахилгаан тасалсан. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас шиврээ бороо цаг хэртэй үргэлжилж, 00:00 цагаас хойш 2 цаг орчим бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Тэрэлж, Налайх хоорондын зам усанд автаж, дүүргийн онцгой комисс ажиллаж байгаа. СӨХ-дод үерийн нөхцөл байдлаас сэргийлж, шуудайтай шороо бэлтгэх чиглэл өгсөн" хэмээн танилцууллаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 15 дуудлага ирснээс гурван байршлын усыг соруулж дууссан байна.

Долоодугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус гурван см, Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрэн үерлэж байна. Голуудын усны түвшинг байнга хянаж байгаа бөгөөд дөрвөн байршилд жижүүр гаргажээ. Ус ихтэй гудамжны гэрэлтүүлэг болон нурсан замын шонгуудын цахилгааныг тасалсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар иргэдийн аюулгүй байдлыг хангаж, нөхцөл байдлын мэдээллийг тухай бүр өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ