Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 60 хувьтай байгаа юм. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд энэ ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажил 94.6 хувьтай байгаа бол гарааш буулгах ажил 61.3 хувьтай байна. Түүнчлэн “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр:
-Их засварын ажил 64, урсгал засварын ажил 44 хувьтай байна. Он гарснаас хойш 307 мэргэжилтэн, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Нийслэлд хувийн орон сууцны 68 контор үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын орон сууц 49, хувийн орон сууцууд 51 хувийг эзэлж байна. Таван орон сууцны контор буюу 10 мянга гаруй өрх манай газарт шилжин ирж байгаа. Эдгээрийн олонх нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд байгаа тул цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэв.
Хотын дарга нийтийн аж ахуйн салбараа орхигдуулж болохгүй, энэ чиглэлд анхаарал хандуулах, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аврав
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:
-Долоодугаар сарын 17-23-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 26, аврах ажиллагааны долоо, үерийн 254 удаагийн дуудлагаар ажилласан бөгөөд дээрх дуудлагыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 76.9 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 3809 иргэнийг амь насыг аварч ажилласан. Он гарснаас хойш объектын гал түймрийн 1014, аврах ажиллагааны 300, нийт 1314 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 231 алба хаагч, 29 техниктэй үүрэг гүйцэтгэж, гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аварсан гэв.
Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар:
-Үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна. Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэлээ. 2000 ам метр талбайд хучилт хийх шаардлагатай болсон. Үүнийг энэ долоо хоногт хийж эхэлнэ. Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна. 16 байршилд ээлжит засвар хийнэ гэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ийн дарга С.Адъяасүрэн өнгөрсөн долоо хоногт 87 удаагийн гэмтэл гарсан. Бороо орсны улмаас 28 гэмтэл гарснаас цахилгаанаас улбаатай таваас бусдыг зассан гэдгийг хэллээ.
Хотын дарга ажлаа эрчимжүүлж, замын бродюр стандарт, дүрэм, журмаа барьж байгаа эсэхэд хяналт тавьж, газар дээр нь очиж ажиллах үүрэг өгөв.
Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгурсгал засварын ажлын явцын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар ажилдаа орсон” гэсэн бол эмнэлгийн барилга байгууламжийн засварын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “190 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 50 хувьтай байна. 190 ажлын 150 нь урсгал засварын ажил” гэдгийг хэллээ. Хотын дарга ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийх хэрэгтэйг анхааруулав.
Зам, талбайг засварлаж, ариутгаж халдваргүйжүүлнэ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгавар өглөө. Тодруулбал,
- Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж ажиллах.
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварыг хугацаанд нь дуусгах, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.
- Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
- Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлэх.
- Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, хяналтын камер, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засварыг эрчимжүүлж ажиллах.
- Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг бэлтгэн, нөөц бүрдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс хашлагын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
- Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах.
- Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх.
- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах.
- Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг засварлах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС