Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2021-07-11
Н.Алтан
ТӨРИЙН ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн жилд дэлхийн нийтийг хамарсан Ковид19 цар тахал манай улсад тархаж, Засгийн газраас үндэсний их баяр наадмыг хойшуулсан хэдийч Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг ийнхүү зохион байгуулж байна.

Монгол төрийн есөн хөлт цагаан туг Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар иржээ. Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон есөн элч сүлдээс бүрддэг тул есөн хөлт Цагаан туг хэмээн нэрлэжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ