Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-08-07
УОК: Иргэдийг нэн шаардлагатай цэвэр ус, хоол хүнс, дулаан хувцасаар хангахыг даалгалаа

Нийслэл хотод өчигдөр буюу 8 дугаар сарын 05-ны өдөр орсон түр зуурын усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой комиссын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт холбогдох үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт болсон үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай хүн хүч, машин, текникийг дайчлан гаргаж, шуурхай зохицуулалтаар хангаж ажиллах, үерт өртсөн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтад үндэслэн аюулгүй байдлыг хангаж хязгаарлалтад орсон айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, үерт өртсөн айл өрхүүдийн судалгааг нэн даруй гаргаж, иргэдийг нэн шаардлагатай цэвэр ус, хоол хүнс, дулаан хувцасаар хангахыг даалгалаа.

Мөн Засгийн газрын 2019 оны нэгдүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн хохирлын анхан шатны үнэлгээ хийж, улсын Онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх, цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг илүү нарийвчлан гаргаж тогтмол давтамжтайгаар иргэдэд хүртээмжтэй байдлаар түгээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн ОБЕГ-т УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлж, үерийн үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцан ажиллагааг хангаж, шуурхай мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхийг анхаарууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ