Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-08-08
Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хувьд үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх таван га газар бэлтгэсэн. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил хийж байна.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

-Тухайн байршилд энэ жилийн төлөвлөгөөний дагуу 66 айлын газрыг төлөвлөсөн бөгөөд үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ. Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр, боломжтой байршил. Энд 100 гаруй айл суурьшсан байгаа.

Одоо замыг засаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгааныг яаралтай шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд энэ байршлыг санал болгоно. Иргэд зөвшөөрвөл энд бууж болно. Эсвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд өөр байршилд газар санал болгож болно гэв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой машин явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 67 хүн 34 машин механизмтайгаар замыг хайргаар хучиж хүчитгэн, 2.1 км замыг сайжруулан засаж байгаа гэв.

Түүнчлэн үерийн усанд урссан замын хөвөө, явган замын зарим хэсгийг хүчитгэх, сэргээн засах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар:

-Наймдугаар сарын 5-нд болсон уруйн үерийн гамшгийн үеэр 730 метр хөвөө далан, 200 метр хайс, хашлага, мөн 1.2 км явган зам үерийн усанд эвдэрсэн. Өчигдрөөс хойш компаниудаас машин механизмаар тусламж авч, замыг засаж ажиллаж байна. Өнөөдөр орой зам хэвийн болно. Түүнчлэн замын компаниудын техникээр айлуудын хашаанаас лаг хагшаасыг зөөсөн гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ