“Буянт төв” ХХК-ийн зөвлөх Ж.Саруулаас шинээр туршин тариалж буй “Юнион”, “Лидер 80” улаанбуудайн элит үрийн сортын талаар тодрууллаа.
-Төв аймгийн Эрдэнэсант сумын тариан талбайд зохион байгуулсан өдөрлөг ямар ач холбогдолтой вэ?
-Манай “Буянт төв” компани бол үрийн аж ахуй юм. Манайх улаанбуудай, овьёос, арвайн үр үржүүлдэг. Энэ жилийн хувьд “Юнион”, “Лидер 80” гэсэн богино иштэй, толгой томтой, эрчимжүүлсэн, гурилын шинж чанар сайжруулдаг элит үр оруулж ирсэн. Тус бүр нь 100 га-д туршилтын журмаар нутагшуулан тарьж байна. Бүс нутгийн тариалан эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, яамны төлөөлөгчдийг оролцуулан энэ сортын шинж чанар, ургалтын байдал, хэрхэн нутагших талаар газар дээр нь үзүүлж байна. Сортын онцлог, шинж чанар, ургамал хамгааллын бодис, бордоонд хэр үйлчилгээ авдаг зэрэг бүх л талын технологийн үе шатуудтай холбоотой үзүүлэх сургалт, өдөрлөг хийж байна. Мөн ямар технологиор хэдэн сард тариалсан, одоо ямар үе шатандаа явж байна, хог ургамал, өвчин, хортон шавжид хэр зэрэг нэрвэгдэж байна, эдгээрээс хамгаалах бодисын үйлчлэл, үр дүнг танилцуулж, туршлага судалж байна. Энэ нь манай бүс нутагт зохион байгуулж байгаа анхны өдөрлөг юм. Тариаланчид ч олуулаа, идэвх сайтай оролцож байна.
-Энэ хоёр үрийг хэзээ тариалсан бэ, ургалтын нөхцөл байдал ямар байна?
-Энэ хоёр сортыг 5 дугаар сарын 20-22-нд тариалсан. Одоо бүрэн цэцэглээд дууссан. Өндөр нь 80 см орчим буюу стандартад заасан өндөртөө хүрчихсэн. Хог ургамал, өвчинд тэсвэртэй нь батлагдаж байна. Өөр сортын таримлууд өвчилсөн байхад манай энэ сортууд өвчлөөгүй байна. Сарын дараа бид ургац хураалтдаа орчих байх. Тэр үед 1 га-гаас хэдэн центнер авч байна, ямаршуухан чанартай үр гарч байгааг эрдэм шинжилгээний байгууллагуудаар шинжлүүлээд үр дүнг нь танилцуулна.
-Энэ үрийн гол онцлог, давуу тал нь юу вэ?
-Гол онцлог нь намхан. Манай энэ бүс нутагт хамгийн эрсдэлтэй юм нь цас эрт орж, салхи шуурганд тариа налдаг. Энэ сорт налалтад 100 хувь тэсвэртэй учраас налах аюул үгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт, өвчинд тэсвэртэй учир өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний эсрэг бодис хэрэглэх хэмжээ багасна. Үүгээрээ эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Гуравдугаарт, энэ улаанбуудайн гол онцлог бол цавуулаг маш өндөр. Бид гурилын үйлдвэрүүдэд чанартай гурил нийлүүлэх боломжтой. Түүнчлэн 1000 үрийн жин нь 40-өөс дээш грамм байдаг учраас ургацын хэмжээ нэмэгдэнэ гэж одоогийн байдлаар дүгнэж байна.
-Энэ бүс нутагт тариаланчид түлхүү ямар сортоор тариалалт хийж байна?
-Манайхан голдуу Алтайн хязгаарын сортууд тариалдаг. Ер нь ОХУ-аас гаралтай сортуудаар тарьж байна. Энэ сортууд 1 метр 20 см орчим өндөр ургадаг. Жил бүр л бид улаанбуудай налах эрсдэлд өртдөг. Тэгээд иш өргөгч ашиглаж, бөөн асуудал болж байж ургацаа хурааж авдаг. Бид энэ шинэ сортыг тарьж байгаа гол зорилго бол нэгдүгээрт, энэ улаанбуудай налах бэрхшээлээс ангижрах, хоёрдугаарт өвчний бэрхшээлээс гарах, гуравдугаарт ургацын чанарыг сайжруулж, хэмжээг нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ