Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 218 болон 2023 оны 234 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд БШУ-ны сайдын 2023 оны А/296 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн 7 хоногт нийслэлийн төвийн 6 дүүрэгт ажилласан.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн байнгын ашиглалтад оруулах арга хэмжээ авч сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах шийдвэр гаргасан.
Тус ажлын хүрээнд:
- Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын Монгол тэмүүлэл сургуулийн барилга
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгуудад Улсын комисс ажиллав.
БШУ-ны сайдын 2023 оны А/296 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа мэргэжлийн байгууллагууд, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжлийн төвийн төлөөллүүд багтаж байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.