Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын боксын төрөл долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, МУГТ Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.
Олимпийн рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьж байна. Тэд Японы Шизүока мужийн Шимада хотноо долдугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.