Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой үер усны болзошгүй эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээ авах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр зам үерийн усанд угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой, гүүр, нүхэн гарц зэргийг барьж байна. 2023 онд үерийн ус орж ирэх эрсдэл өндөртэй 7 газарт ус өнгөрүүлэх хоолой барихаас гадна 2 гүүр, 2 нүхэн гарц барихаар төлөвлөсөн.
Саяхан Шивээ-Овоо– Шивээ говь өртөө хоорондын 683 км-ийн 4-р зуут болон Шивээ говь-Өлзийт зөрлөг хоорондын 693 км-ийн 3-р зуутад ус өнгөрүүлэх хоолой барьсан юм. Эдгээр эрсдэл өндөртэй газруудад 1957, 1980, 1982, 1984 онуудад зам усанд угаагдаж байжээ. Мөн саяхан үерийн усанд угаагдсан Агуйт–Наран-Элгэн хоорондын замын эрсдэл өндөртэй цэгүүдэд ус өнгөрүүлэх хоолой шинээр нэмж барихаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: УБТЗ ХНН